Шинэ мэдээ

Архив
Г.Мэндхүүд оногдуулсан цаазын ялыг хэвээр үлдээв 2010-06-24
#
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Мэндхүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Г.Мэндхүү 2009 оны 2 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “BSB сервис” ХХК-ийн кассын нярав М-ыг “захирал үлдэгдэл мөнгөө аваад хүрээд ир гэж байна” хэмээн хуурч ажлаас нь гаргаад, өөрийн эзэмшлийн 04-52 УБЭ улсын дугаартай, “Делика” загварын машинд суулган “Tedy” төвийн урд аваачин, ороолтоор хоолойг нь боож, скочоор амыг нь дарж, олон тооны гэмтэл учруулан дээрэмдэхдээ онц харгис хэрцгий аргаар санаатай алжээ.

Тэрээр хохирогчийн цогцсыг машины хойд суудалд авч явж, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Хажуу хошуу” гэх уулын модтой аманд нууж, хохирогчийн хувцас, эд зүйлийг Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг “Өндөр худаг” гэдэг газар шатааж устгасан аж.

Мөн хохирогч эмэгтэйн хамгаалалтын хийн гар бууг задлан, замын дагуу хаяж, авч явсан мөнгийг нь Бээжинд сурдаг хүү болон А.Сүхдорж, М.Болдбаатар нарт  өгсөн байна.

Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Мэндхүүд цаазаар авах ял оногдуулсан юм.  

Нийслэлийн шүүх уг хэргийг 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Мэндхүүд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.