Шинэ мэдээ

Архив
Музейн сан хөмрөгчийн хэргийг шийдвэрлэлээ 2010-06-22
 #
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбат, Ж.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.

 
Б.Энхбат нь Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2004 оноос 2007 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцаж байсан сан хөмрөгөөс удаа дараагийн үйлдлээр 410 дансны 1004 ширхэг түүхийн үнэт үзмэр болох эд өлгийн зүйлийг хууль бусаар авч завшиж, үрэгдүүлэн 10 тэрбум 187 291083 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Ж.Мөнхбат нь 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний түүхийн музейн үзмэр түүх, соёлын дурсгалт зүйл болох эмэгтэй хүний толгойн суварга хэлбэртэй, үсний мөнгөн хавчаар зэрэг 14 дансны 22 ширхэг 1 тэрбум 1 сая 579 285 төгрөгийн эд зүйлсийг өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн ДГА 72-88 улсын дугаартай автомашинд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Б.Энхбатад 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ял оногдуулсан бөгөөд Өршөөлийн тухай хуульд зааснаар 3 жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 7 жил хорихоор тогтоожээ. Харин Ж.Мөнхбатад Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял тус тус оногдуулж, мөн 3 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоосон байна.

Түүнчлэн Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.Энхбат болон иргэний хариуцагч Ё.Дамдиндорж нараас тус тус 4 тэрбум 564 274 648 төгрөг, нийт 9 тэрбум 128 549 297 төгрөгийг Үндэсний түүхийн музейд олгохоор шийдвэрлэсэн аж.

Нийслэлийн шүүх энэ хэргийг 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Б.Энхбат, Ж.Мөнхбат нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ. Харин 9 тэрбум 128 549 297 төгрөгийн хохирлыг бүгдийг нь Б.Энхбатаас гаргахаар шийдвэрлэсэн юм.

          Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбатад 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих, Ж.Мөнхбатад 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ. Харин хохирлын тухайд Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.Энхбат болон иргэний хариуцагч Ё.Дамдиндорж нараас тус бүр 4 тэрбум 564 274 648 төгрөг, нийт 9 тэрбум 128 549 297 төгрөгийг Үндэсний түүхийн музейд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.