Шинэ мэдээ

Архив
Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа 2010-02-04
#
Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан 2 дугаар сарын 3-ны өдөр болов. Хуралдаанаас “Шүүгчийн зөвлөлийн хуралдаан дэг”-ийг шинэчлэн баталжээ.
Мөн “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Олон нийтийн болон нийгмийн амьдралын өөрчлөлтийг даган Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Транспэрэнси-Монгол” төрийн бус байгууллагатай хамтарч Бангалорын зарчимтай уялдуулан дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж. Ажлын хэсэг АНУ, ОХУ, Япон зэрэг орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмүүд, Бангалорын зарчмуудыг нарийвчлан судалж, дүрмийн төслийг боловсруулсан байна. Дашрамд дурдахад 2002 онд дэлхийн 81 улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар Энэтхэг улсын Бангалор хотноо хуралдан дэлхийн орнуудын бүх шүүхийн шүүгчид мөрдөж болохуйц Ёс зүйн дүрмийн анхны хувилбарыг батлан гаргасан аж. Эндээс Бангалорын зарчмууд хэмээх нэр томъёо гарсан байна.
Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаас дээрх Бангалорын зарчимд нийцсэн Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан гаргалаа.
Мөн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Нийслэлийн Захиргааны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдиндорж нар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
Хуралдааны дараа 2009 онд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг шүүх, шүүгчдээ шагнаж урамшуулав. Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Орхон аймгийн шүүх тус тус шалгарсан байна. Мөн шилдэг шүүгч-багшаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Э.Ариунаа, чадварлаг шүүгчээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Батбаатар, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Өрнөндэлгэр, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбахорлоо нар шалгарчээ.