Шинэ ярилцлага

Архив
Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор, профессор Б.Бат-Эрдэнэ:Хууль бус ажиллагаа явуулдаг өмгөөлөгчдөд хариуцлага тооцох механизм хэрэгтэй 2010-06-17
 
# Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Бат-Эрдэнэтэй шүүхийн тогтолцоо болон эрүүгийн хэргийн нөхцөл байдалтай холбоотой яриа өрнүүллээ. -Шүүхийн шинэчлэл явагдаж байгаа талаар яригдах болсон. Энэ шинэчлэл ямар шатандаа явж байна вэ? -Шүүхийн шинэчлэлийн асуудал 2002 оноос эхэлсэн. Тухайн үед шүүхийн үйл ажиллагааг зохицуулдаг гол хуулиудад өөрчлөлт орсон юм. Шинэчлэлийг юунаас эхлэх вэ гэдэг асуудлыг холбогдох байгууллагынхан ярьж, сургалтыг шинэ шатанд гаргах ёстой гэсэн тохиролцоонд хүрсэн. Иймээс АНУ-ын санхүүжилттэй “Шүүхийн шинэчлэл” гэсэн төслийн хүрээнд 2002 оноос прокурор, шүүгч, өмгөөлөгчдийн дунд сургалт явуулсан нь тэдний ур чадварыг дээшлүүлж, шинэчлэл хийх эхлэл болсон гэж ойлгодог. Энэ шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэх хүрээнд шүүхийн тогтолцоог эргэж харах, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг суурь хуулиудад өөрчлөлт оруулах арга хэмжээнүүдийг хийж эхэлж байгаа нь цаг үеэ олсон асуудал юм. -Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүх гээд маш олон дамжлага нь эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хугацааг удаашруулж байгаа юм шиг санагддаг. Энэ талаар? -Үүнтэй би санал нэг байна. Үүнийг өөрчлөх арга байгаа эсэхийг хайх нь хуулийн байгууллагууд тэр тусмаа шүүхийн шинэчлэлийн нэг хэсэг. Одоогийн шүүх бодит үнэнийг тогтоох зарчим дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Энэ хэрэг явдлыг төр өөрөө тогтооно гэсэн үг. Гэмт этгээдийг олж илрүүлж, тогтоох ажлыг хариуцдаг төрийн нүсэр аппарат манайд ажиллаж байна. Эндээс хялбарчилсан буюу зардал хэмнэсэн тогтолцоогоор хэргийг шүүдэг тогтолцоо байх ёстой юу гэсэн асуудал гарч ирж байна. Тухайлбал АНУ зэрэг орнуудад хэрэг гарахад төрийг төлөөлөн үйл явдлыг тогтоох, мөрдөн байцаалтын ажлыг прокурор бие даан хийдэг.Үүнтэй зэрэгцээд цагаатгах болон тухайн хэргийг хөнгөрүүлэх ямар нөхцөл байна вэ гэдгийг өмгөөлөгч шалгаж тогтоодог. Хэрэв манай улс энэ тогтолцоо руу шилжинэ гэвэл нэлээд цаг хугацаа, бэлтгэл ажил шаардлагатай. Үүний тулд өмгөөлөгчийн ур чадвар, ёс зүйн асуудал, өмгөөллийн байгууллага хуулийн байгууллагынхаа аль тогтолцоонд багтах вэ гэдэг асуудлыг тусгах ёстой. -Өмгөөлөгчид ёсзүйгүй аашилж, хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй байдаг. Та үүнтэй санал нийлэх үү? -Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн үйл ажиллагаанд өмгөөлөгчид оролцож байгаа нь бодит үнэнийг тогтоох, тухайн шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад өмгөөлөгчийн зүгээс чухал ач холбогдолтой. Өмгөөлөгч хуульд заасан энэ үүргээ бүрэн биелүүлж байгаа эсэхэд дүгнэлт хийх цаг болсон. Байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлд “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй этгээдийг өмгөөлөгч гэнэ” хэмээн томъёолсон байдаг. Харамсалтай нь өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагаа ийм чиг үүрэгтэй гэдгийг зарим өмгөөлөгч ойлгохгүй байна. Энэ утгаараа сэжигтэн, яллагдагчид үг зааж өгөх, нотлох баримтаар тогтоогдсон үйлдлийг илт гуйвуулж үгүйсгэх, ямар нэг байдлаар хэргээ хүлээхгүй байхыг ятгах хандлага гарч байгаад хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймээс өмгөөлөгчдийн хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. АНУ-д өмгөөлөгч хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шүүгч эхний удаа анхааруулж, дахин давтагдвал өмгөөлөл хийх эрхийг нь хасдаг. Ер нь хууль бус ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчдөд хариуцлага тооцдог тогтолцоо байх ёстой. -Өмгөөлөгчдийн өмгөөлөл хийх ханш нэлээд өндөр болсон шүү дээ. Үүн дээр ямар нэг хуулийн зохицуулалт байдаггүй юм уу? -Тэд сэтгэлд багтамгүй өндөр үнэ хэлж байна. “Хэдэн сая төгрөг өгчих. Би энэ хэргийг чинь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчтэй яриад өгье” гэж ярьдаг өмгөөлөгч байдаг тухай дэл сул яриа байгаа. Гэтэл манайд өмгөөллийн хөлсийг зохицуулсан эрх зүйн акт алга. Иймээс Монголын Өмгөөлөгчдийн холбоо болоод ХЗДХЯ өнөөгийн цаг үед тохирсон үнэлгээний журмыг шинэчлэн боловсруулах ёстой. -Манай шүүхийн системд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор бүгд шүүгдэгчийн эсрэг баримт материал цуглуулж, шүүгч хавтаст хэрэгтэй танилцчихаад шүүх хуралд ордог нь асуудлыг зөвхөн яллагдагчийн үүднээс харахад нөлөөлж байгаа тухай яригддаг. Харин өмгөөлөгчид баримт цуглуулах эрх бий юу? -Байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох эрхтэй” гэж заасан. Энд яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцоно гэж заагаагүй байна. Ийнхүү хэргийг бодитойгоор тогтоох үүрэг шүүгчид ногдож байгаа учраас шүүгч хэргийг уншихаас өөр аргагүй. Тэгэхээр шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн оролцоо нөлөөлөл тун бага гэж ойлгож болно. Иймээс цаашид дээрх байдлаар өмгөөлөгч шүүх хуралд оролцож явах уу, жинхэнэ утгаараа мэтгэлцэх үү гэсэн асуудал бий болчихоод байгаа. Хэрэв Монголд жинхэнэ утгаар нь мэтгэлцэх журмаар хэргийг шийдвэрлэнэ гэвэл байцаан шийтгэх ажиллагааны бодит үнэлгээг тогтоох гэсэн зарчим алга болох учиртай. -Манайд жинхэнэ утгаар нь мэтгэлцэж хэргийг шийдвэрлэх зарчмыг нэвтрүүлэхийн тулд ямар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? -Сонгодог утгаар мэтгэлцэх зарчмын гол агуулга нь нэгдүгээрт яллах ба өмгөөлөх тал нотлох баримтыг цуглуулахдаа тэгш эрх эдэлнэ. Хоёрдугаарт шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэг гүйцэтгэхгүй. Гуравдугаарт шүүх урьдчилан хэргийн материалтай танилцахгүй. Дөрөвдүгээрт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яллах ба өмгөөлөх талууд зөвшилцөн ял тохирч, уг асуудлаа шүүхэд уламжилна. Энэ тохиолдолд шүүх хуралдаан хялбаршуулсан журмаар явагдаж, ял оноох асуудал хэлэлцэнэ. Мөн сонгодог мэтгэлцээний журмаар шүүх хэргийг шийдвэрлэхэд төвийг сахисан байр суурьтай оролцох гэсэн ойлголтыг өөртөө багтаадаг. Түүнчлэн шүүгчдэгч зөвхөн гэм буруугаа хүлээгээгүй тохиолдолд шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмаар явагддаг онцлогтой. Нөгөөтэйгүүр мэтгэлцэхийн тулд шүүх бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл болсон тангарагтны шүүх оролцдог. Шүүх хуралдааны явцад тангарагтны шүүгч загас мэт дуугүй байх бөгөөд шүүгч шүүх хурлыг ерөнхийд нь зохион байгуулна. Харин өмгөөлөгч болон улсын яллагч /прокурор/ хоорондоо мэтгэлцдэг. -Тэгвэл хохирогчийн өмгөөлөгч гэж байх ёстой юу? -Үндсэн хуульд зааснаар иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төр хариуцдаг. Тиймээс Үндсэн хуулийн энэ зарчмын дагуу хохирсон иргэдийн хууль ёсны эрхийг төр хамгаалах ёстой. Гэтэл энэ зарчим үндсэндээ алдагдаж, прокурор биш, хохирогчийн өмгөөлөгч нь хохирогчийнхоо хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах логик гарч ирж байна. Аль ч улс оронд төрийг төлөөлж байгаа прокурор хохирсон иргэнээ хамгаалдаг. Гэтэл манайд төр иргэн хоёроо холбох гол гүүр болох прокурор иргэдээсээ холдож, хохирсон иргэн өмгөөлөгчийн зардлыг төлж давхар хохирч байна. Харин хохирогчийн эрх ашгийг хамгаалах ёстой прокурор зөвхөн яллах үүрэгтэй шүүх хуралд оролцож байгаа нь зохисгүй зүйл. Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцохдоо шүүгдэгчид илүү хүнд ял оноох ёстой хэмээн яллагчийн байр сууринаас хандаж байгаа нь байж болохгүй асуудал юм. -Сүүлийн үед шүүхэд итгэх хүмүүсийн итгэл сулраад байгаа шүү дээ. Үүнд юу нөлөөлж байна вэ? -Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өнөөдөр иргэд төрдөө итгэж байна уу. Энэ бол харьцангуй ойлголт. Иргэд яг л ийм хандлагаар шүүхэд хандаж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ нь манай хуулийн тогтолцоотой холбоотой. Зөвлөлдөх тасалгаанд зөвхөн шүүгч ордог учраас “Зөвлөлдөх тасалгаанд орсон шүүгч хэн нэгний зааварчилгаагаар хэргийг шийдчихлээ” гэсэн хардлагыг төрүүлж байна. Гэтэл гадаадын улс орнуудад зөвлөлдөх буюу шийдвэр гаргах тасалгаанд шүүгч дангаараа ордоггүй. Тухайлбал ХБНГУ-д хоёр ардын төлөөлөл нэг шүүгч шүүх хуралдаанд орж, зөвлөлдөх тасалгаанд ч хамт ордог. Энэ хамтын шийдвэрт олон түмний хүсэл зорилго орж байна гэсэн үг. АНУ-д тангарагтны 12 шүүгч зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг. Ийм хоёр тогтолцоо улс орнуудад байхад манайд хаана ч байхгүй “сонин” тогтолцоо үйлчилж байна. -Олон нийтийн дунд энгийн иргэд багахан хэргийн төлөө хүнд ял авч байхад авлига авсан төрийн өндөр албан тушаалтнууд ял зэмгүй өнгөрч байна гэсэн ойлголт ч байдаг. Энэ талаар? -Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг тодорхой баримт нотолгоон дээр үндэслэж ярих хэрэгтэй. Манай шүүх дээр ирж байгаа төрийн албан хаагчидтай холбоотой хэргүүд хуулийн дагуу шийдвэрлэгдэж, зохих ял шийтгэлээ авч байгаа. -Цаазын ялыг халах эсэх талаарх асуудал маргаан дагуулж байгаа. Энэ талаарх таны бодол? -Өнөөгийн үйлчилж байгаа хуулинд онц харгис, хэрцгийгээр бусдын амь насыг хороосон тохиолдолд цаазаар авах ял оногдуулах тухай заасан байдаг. Иймээс гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн, бяцхан охиныг хүчиндэж, хэдэн хэсэг тасчиж сийчсэн этгээдүүдэд цаазаар авах ял оноож байгаа. Хэрэв хууль тогтоогч үнэхээр хүмүүнлэгийн үүднээс олон улсын жишигт нийцүүлж, Монголын хүн ам өнөөгийн соёлт ертөнцийн ухамсрын түвшинд хүрсэн гэж үзээд цаазаар авах ялыг халбал шүүх тухайн хуулийг дагаж мөрдөх болно. Ер нь шүүгч бол ярьдаг хууль гэдэг шүү дээ. -Гэхдээ манайд ял эдлүүлж, цээрлүүлэх ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байх шиг? -Үүнтэй санал нэгдэж байна. Энэ асуудалд төрийн оролцоо чухал. Ял эдлэгсдийг нийгэмшүүлж, харьцааны соёл амьдрах ухаанд сургах хэрэгтэй. Болж өгвөл цалинтай ажлын байр олж өгөх том менежмент хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл гэв гэнэт Өршөөлийн хууль гаргаад ихэнхийг нь суллачихаж байна. Очих орон гэргүй, ажилгүй, нийгэмтэй яаж харьцахаа мэдэхгүй хүмүүс гарч ирээд өмнөх үйлдлээ хийгээд буцаад л торны цаана сууж байна шүү дээ. Суллагдсан хүмүүсийг яаж нийгэмшүүлэх вэ гэдэг нь манай өнөөгийн төрийн мартагдсан асуудлын нэг болоод байна. -Сүүлийн үед эрүүгийн хэргүүд улам л онц хэрцгий болж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа нь эрүүгийн хэрэг шүүж байгаа хүний хувьд танд анзаарагдаж байна уу? -Ерөнхийдөө онц харгис, хэрцгий хэргийн тоо өсөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байгаа. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Гаргаж байгаа кино, хүүхдүүдийн маань тоглож байгаа тоглоом дандаа аллагатай холбоотой байна. Ажилгүйдэл, ядуурал, садар самуун явдал, хавтгайрсан архидалт зэрэг нь дээрх төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Шинэ үе маань шударга, энэрэнгүй ёсны номлол, сонгодог урлагийг судалж үзэх ёстой атал компьютер дээр аллага сураад сууж байгаа учир цаашид ч ийм төрлийн хэргүүд өсөхийг үгүйсгэх аргагүй. Д.Өнөржаргал /Өглөөний сонин/