Шинэ ярилцлага

Архив
Дэлхийн аль ч улс орон дээрмийн хэрэгт зөөлөн ханддаггүй 2010-05-05
 
# Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэнтэй ярилцлаа. - Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг буурсан гэсэн. Ямар учраас ийнхүү буурах болов оо. -Шүүх 2009 онд 7513 хүнд холбогдох 5407 хэрэг таслан шийдвэрлэсэн. Өнгөрсөн оныхоос шийдвэрлэсэн хэрэг 7 хувиар, ял шийтгүүлэгчид 11.6 хувиар буурсан. Эрүүгийн хэргийн бууралт нь зарим нэгэн объектив, субъектив шалтгаантай. Нэгдүгээрт, энэ нь өршөөлийн хууль батлагдан хэрэгжсэнтэй холбоотой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатнаас олон хэрэг өршөөлд хамрагдсан. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 218 хүнд холбогдох 142 хэргийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, бүртгэгдсэн хэрэг ч гэсэн бага зэрэг буурах хандлагатай байна. 2008 онд улсын хэмжээнд 20704 хэрэг бүртгэгдсэн бол 2009 онд 20373 хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оныхоос 1.6 хувиар буурсан. Энэ үзүүлэлт эрүүгийн нөхцөл байдал ерөнхийдөө эерэг зөөлөн болж байгаа, нааштай шинж гэж бас хэлж болно. -Харин иргэн, захиргааны хэргийн өсөлт нь юунаас шалтгаалж байна вэ. - Иргэний хэргийн өсөлт нь, нэг талаас, иргэдийн эрх зүйн ухамсар, боловсрол өсч, гэрээний үүрэг, хариуцлага гүн гүнзгий ухамсарлагдах болсон, иргэний хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх иргэд, хуулийн этгээдийн идэвх өссөнтэй холбоотой тайлбарлаж болно. Нөгөө талаас, иргэд аж ахуйн нэгжээс аж ахуйн үйл ажиллагаагаа хөтлөх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох соёл, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, мэдлэг чадвар дутагдалтай холбоотойгоор тайлбарлаж болно. Харин захиргааны хэргийн өсөлтийг зөвхөн нааштайгаар тайлбарлахаас өөр яахав. Энэ нь иргэдээс албан тушаалтны буруу шийдвэр, буруутай үйл ажиллагааг хянаж, түүнийг сөрөн зогсох чадвар төлөвшиж буйн шинж. Захиргааны хэрэг цаашид ч өсөх болно. Албан тушаалтнуудын дураар авирлах, хууль зөрчих явдал зогссон тэр цагт л өсөлт нь зогсох болно. - Эрүүгийн хэрэг буурсан атал дээрмийн хэрэг өссөн байсан. Ард иргэдийн маань амьдралын ядуу байдал энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлж байна гэж үзэж болох уу. -Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн дүнгээс үзэхэд 2008 онд дээрмийн 813 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2009 онд 754 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 7.8 хувь буурсан үзүүлэлт байна. Гэтэл 2008 онд шүүхээс дээрмийн 202 хэрэгт 432 хүн ял шийтгүүлсэн бол 2009 онд 284 гэмт хэрэгт 620 хүн шийтгүүлсэн байна. Дээрмийн хэргийг ядуу хүмүүс гэхээсээ илүү “шоудах” гэсэн, хямд хялбар аргаар мөнгө олж наргиж цэнгэх гэсэн этгээдүүд л үйлдэж байна. Иргэдийн амьдралын ядуу байдал хулгайн гэмт хэргийнх болохоос, дээрмийн гэмт хэргийн гол учир шалтгаан биш. - Дээрмийн хэрэгт залуучууд шийтгүүлэх нь их байдаг гэж яригддаг. Ял шийтгүүлэгчдийн нас хүйс, боловсролын түвшин зэргийг сонирхвол… -2009 онд дээрмийн гэмт хэрэгт 620 хүн ял шийтгүүлсэн. Үүнээс 89 нь 14-18 насны хүүхэд, 421 нь 18-29 настангууд, 74 нь 30-35 насны залуучууд байна. Үүнээс үзэхэд дээрмийн хэрэг 14-29 настай залуучуудын “хэрэг” болжээ. Боловсролын хувьд 273 нь бүрэн дунд, 155 нь суурь боловсролтой байна. Үүнээс үзэхэд дунд боловсролтой, ажил сургуульгүй этгээд дээрэм хийх нь их байна. 620 хүн ял шийтгүүлсний 452 нь ажил сургуульгүй этгээд байгаа гэж бод доо. Оюутнууд ч бас дээрмийн хэрэгт тодорхой байрь суурь эзэлж байна. 2009 онд дээрмийн хэрэгт 50 оюутан ял шийтгүүлсэн. Хөдөө орон нутгаас ирсэн этгээдүүд дээрэм хийх нь элбэг байна. Эд хотын өндөр өртөг бүхий амьдралд дасан зохицож чадахгүй, цочирдох, хотын амьдралыг хөдөөний хэт даруу хэрэгцээний түвшинд ойлгож ирсэн учраас тэр “дутуугаа гүйцээж, дундуураа нөхөх арга” –ыг дээрэм болгох хандлага цөөнгүй байна. Бас хөдөө орон нутгаас ирж мөнгө хөрөнгө хялбар олох гэсэн нэг хэсэг ч байгааг ч үгүйсгэх арга алга. - Одоо манайд үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг их хатуу хууль гэж олон хүн шүүмжилдэг. Ийм хатуу нь дээрмийн хэрэг дээр тод харагддаг. 18 нас хүрсэн хүүхдүүд нийлж хүний ганц гар утас дээрэмдээд л бүгдээрээ 8 жил шоронд суух ял шийтгүүлсэн тохиолдол ч бий гэдэг. - Дэлхийн аль ч улс орон дээрмийн хэрэгт нэг их зөөлөн хандаад байдаггүй. Дээрэм бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл дээрэмдсэн эд хөрөнгийн бодит хор уршиг, хэр хэмжээгээр биш, тухайн үйлдэл хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдох гэмт хэрэг. Учир нь түүний нийгмийн хор аюул нь “ганц гар утсандаа” биш, хийж буй үйлдэл, шунахайн сэдэлт, бүлэглэсэндээ л байгаа юм. Аль ч улс орны хууль тогтоогчид ингэж л хардаг. Хүн хэрэв нэг гар утас, 1 сая доллартай явж байсан бол бүлэг дээрэмчид ганц гар утсыг нь аваад сая долларыг нь үлдээхгүй нь ойлгомжтой. Хэрэв хохирогчид гар утаснаас өөр их хэмжээний мөнгө байсан бол энэ талаар “улс төржихгүй л байгүй юу”. Ганц гар утас байсан нь “тэднийг хамгаалагчдын” олз, дээрэмчдийн аз болсон хэрэг. Манай улсын шүүх, шүүгчид хуульд зааснаас бага ял өгөх, эсхүл илүү хүнд ял өгөх эрх байхгүй. Англи, АНУ-д бол өөр хэрэг. Тэнд тийм эрх бий. Хэрэв УИХ –аас эрүүгийн хуульд 1 сая төгрөгөөс доош дээрэмдсэн бол ялгүй, харин албан тушаалтан албан тушаалаа урвуулан 1 сая төгрөг авсан бол цаазтай гээд хуульчилбал, одоогийн ярьж бичээд байгаа хүмүүсийн хүсэн хүлээлт, нийгмийн сэтгэл зүйд нийцэх болов уу. - Гадаад улс оронд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлого ямар байдаг бол.... -АНУ-ын хууль тогтоомжид “дээрэм” ба “булаалт” хооронд нарийн зааг ялгаа байхгүй. Тэднийг нийтэд нь “robber” гэсэн ойлголтоор авч үзнэ. АНУ-ын эрүүгийн загвар хуулийн 222.1-д зааснаар хохирогчоос шууд булаан авсан, эсхүл хүч хэрэглэх буюу айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгийг авахыг “хоёдугаар зэргийн фелони” гэж зүйлчилнэ. Өөрөөр хэлбэл, шүүх ердийн хугацаагаар 1-10 жил, харин хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл уртасгасан хугацаагаар 10-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн үг. Франц улсын эрүүгийн хуульд зааснаар хөдөлмөрийн чадвар алдуулахгүйгээр дээрэм хийсэн этгээдэд 5 жил хорих буюу 500 000 франкаар торгоно. Хүндрүүлэх нөхцөл байдалтай бол 7 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин 8-аас доошгүй өдөр хөдөлмөрийн чадвар алдуулан дээрэмдсэн хийсэн бол 7 жил хорих буюу 700 000 франкаар торгох жишээтэй. Цааш хүндрүүлсээр 30 жил хорих хүртэл ахина шүү дээ. Манай хоёр хөршид ч гэсэн хатуу шийтгэлтэй. - Дээрмийн гэмт хэргээс сэрэмжлэхийн тулд ард иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ. - Дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлэх асуудлыг ялгаатай авч үзэх ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд технопревенцийн гэж ярьдаг, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх явдалд саад учруулах хамгаалалтын бүхий л сөрөг арга хэмжээг, жишээ нь гудамж талбайг гэрэлтүүлэх, камержуулах, цагдаагийн болон иргэдийн эргүүл хамгаалалтыг сайжруулах болон бусад арга хэмжээг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаална. Германы эрдэмтэн Ханс Хентиг: “хохирогч заримдаа гэмт хэрэгтнийг бүтээдэг” гэж хэлсэн нь бий. АНУ-ын профессор Бетти Грейсон туршилт хийж гудамжаар явж буй янз бүрийн насны, явган зорчигчдыг видеокамерт буулгаж, бичлэгийг нь АНУ-ын шоронгуудад дээрмийн гэмт хэрэг үйлдсэн учир ял эдэлж буй хоригдлуудад тус тусад нь ганцаарчлан үзүүлэхэд хоригдлуудын ихэнх нь тэр олон хүмүүсийн дундаас зөвхөн тодорхой нэг хэсэг хүмүүсийг дээрмийн хялбархан олз болно гэж давхардуулан сонгосон сонирхолтой жишээ бий. Иргэд нөгөө талаас гэмт хэрэгтнийг сөрөн зогсох дархлааг сайжруулах шаардлагатай. Гэмт хэрэгтэнг сөрөн зогсох дархлаа гэдэг нь гэмт хэрэгтнийг эсэргүүцэн цохиж унагаах, мэх хэрэглэхээс илүүтэй, тэр хэрэгт өртөхгүй байх, гэмт хэрэгтэнд олз болохооргүйгээр биеэ авч явахыг л ойлгодог. Эцэст нь хэлэхэд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгсэн дээ.