Шинэ ярилцлага

Архив
Ч.Нямсүрэн: Танхайрах гэмт хэрэг орчноос, хувь хүний соёл, ёс зүйгээс шалтгаална 2009-12-24
#
-Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэнтэй уулзаж ярилцав.
-Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг буурсан атлаа танхайн хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа гэсэн. Ямар учир шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэрэг өсч байна вэ...
-2007 онд танхайн 552 гэмт хэрэгт 823 хүн ял шийтгүүлсэн бол 2008 онд 726 гэмт хэрэгт 1033 хүн шийтгүүлжээ. Үүнээс үзэхэд 2 оныг харьцуулахад гэмт хэрэг 31.5 хувиар, ял шийтгүүлэгчид 25,5 хувь өссөн дүнтэй байна. 2009 онд ч мөн өсөх төлөвтэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 442 хэрэгт 661 хүн шийтгүүлсэн.
Гэмт хэрэг өсөхөд, нийгмийн ёс зүй эвдрэхэд нөлөөлсөн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын шинжтэй хэд хэдэн суурь хүчин зүйлүүд бий. Гэхдээ танхайрах гэмт хэрэг бусад гэмт явдлаас ихээхэн онцлогтой. Танхайрах гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан бол нэгдүгээрт: соёл, ёс зүйн доголдол, хоцрогдол, хоёрдугаарт, архидан согтуурах явдал. Хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг дагалдаж сайн гэхээсээ илүү саар зүйл их орж ирсэн шүү дээ. 1990-ээд оны эхэн үед Улаанбаатар хотод ирсэн гадаадын хүмүүс ямар цэвэрхэн хот вэ гэж гайхдаг байсан. Одоо хар даа. Манай “хотжоогүй”монголчууд гудамжинд хараадаг, бүдүүлэг үг хэлдэг, дуртай газраа морь харж, нус цэрээ нийж, хог хаядаг, хөдөөний “нүүдэлчин” сэтгэхүйг халах шаардлагатай. Цэвэр орчинд ямар ч хүн биеэ барьдаг. Бохир орчинд тэр байдлаар нь л харьцана шүү дээ.
Танхайрах гэмт хэрэг орчноос, хувь хүний соёл, ёс зүйгээс л ихээхэн шалтгаална. Манайд “жижиг танхай” гэж өхөөрдөн нэрлэсэн тэр зөрчил л танхайн гэмт хэрэг, цаашлаад танхайн сэдэлттэй хүнд ноцтой хэргүүд үүсэх гол шалтгаан болж байгаа юм шүү дээ. Энэхүү жижиг танхай л тэр бохир заваан, салан задгай, бусдыг үл хүндэтгэх, нийтийн болон бусдын эзэмшлийн эд хөрөнгөд хайнга хандах энэ соёл, ёс зүйн сэтгэлгээний хоцрогдолтой нягт холбоотой. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, айлын хаалга, хашааг хүссэн үедээ өөрийн юм шиг нүдэх зэрэг ч энд мөн хамаатай. Хүн, түүний өмч халдашгүй, ариун зүйл гэдгийг дэлхийн ихэнх улс орон Үндсэн хуульдаа тусгасан. Жижиг танхай зөрчилтэй тэмцдэг болчихвол том хэмжээгээр танхайрах явдал эрс багасгах ёстой.
Архидалтын хувьд нэг их гайхаад байх зүйл алга. Манай улсад 114 архины үйлдвэр, 17 спиртийн үйлдвэр ажиллаж, гаднаас бас оруулж, жилд нэг хүнд 15 литр архи ногддог . Тэгээд архи зарах зөвшөөрөлтэй 12 мянга илүү дэлгүүр, баартай гэж байгаа. Тэгээд согтуугаар эрх зүйн зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдэх, дээр нь бас эрүүлжүүлэгдэх, хөлдөж осолдох хүний тоо эрс нэмэгдэж байна. 2008 он гэхэд танхайрах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн 47 хувь нь согтуугаар үйлдсэн байх жишээтэй. Гэтэл 2009 оны эхний хагас жил танхайн гэмт хэрэгт 661 хүн ял шийтгүүлснээс 293 буюу 44 хувь нь согтуугаар үйлджээ. Үүнээс үзэхэд архидан согтуурах нь танхайн гэмт хэрэг үйлдэх нэг гол шалтгаан нөхцөл болж байгаа нь энэ жишээнээс харагдаж байна.
- Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн дунд хэдэн насныхан зонхилж байна вэ. Мэргэжил боловсролын хувьд ямархуу хүмүүс энэ гэмт хэргийг үйлдэж байна
2004 -2008 он хүртэл 5 жилийн хугацаанд 4487 хүн танхайн гэмт хэргийн улмаас шийтгүүлсэн. Эдгээр хүмүүсийн 3735 буюу 84,6 хувь нь 16-35 насны залуучууд байна. Залуучуудын 2627 буюу 70 шахам хувь нь 18-30 насны залуучууд байна. Эдгээр насны залуучууд голлон танхайрч байна гэж үзэж болно. 2008 онд нийт танхайрагчдын 50 хувь, 2009 оны эхний хагас жилд 60 хувь нь ямар нэгэн ажил сургуульгүй хүмүүс байна. Боловсролын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлэгчдийн 60 орчим хувь нь дунд боловсролтой хүмүүс байгаа юм.
- Залуучууд энэ гэмт хэрэгт татагдан орох нь их байгаа нь чухам юунаас шалтгаалж байна вэ.
-Судалгаанаас харахад ажилгүй, мөн сургуулийн төлбөр төлөх чадваргүй, цэргийн алба хүлээсэн гэгдэх, мөн ирээдүйд итгэх итгэлгүй залуучууд ихэвчлэн танхайн гэмт хэрэгт холбогдож байгаа нь харагддаг. Хил дээр саяхан болсон хэрэг ч мөн танхайн сэдэлттэй нь илт байгаа... Ийм учраас 18-30 насны залуучуудын дунд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил голлон чиглэх ёстой болж байна. Энэ нас л жинхэнэ хүний төлөвшдөг нас шүү дээ.. “Гуч хүрээд томоожоогүй бол томоожно гэж бүү бод, дөч хүрээд хөрөнгөжөөгүй бол хөрөнгөжнө гэж бүү горьд” гэсэн үг ч бий шүү. Ард түмэн зүгээр нэг хэлээгүй байх.
- Манайханд танхайн хэрэг ихэнхдээ ахуйн хүрээнд буюу гэр бүлийн дотор үйлдэгддэг гэсэн ойлголт байдаг...
-Судалгаанаас харахад танхайн хэрэг үйлдэгдэх орон зай, цаг хугацаа янз бүр байна. 2009 оны эхний хагас жилийн байдлаар танхайн хоёр гэмт хэргийн нэг нь нийслэлд ногдож байна. Хөдөө орон нутагт бол Хэнтий, Дархан –Уул, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод л эхний байранд явж байна. Ерь нь Хэнтий аймаг сүүлийн таван жил аймгуудыг ямагт тэргүүлж ирсэн гэхэд болно.
Хот газар олон нийтийн болон үйлчилгээний газар, орой үдшийн цагаар их гарч байхад хөдөө бол ихэвчлэн өдрийн цагаар айл гэр үймүүлж бужигнуулсан, агсан согтуу тавьсан асуудал их байх жишээтэй. Сүүлийн үед танхайрах асуудал цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн ажил сайжирсантай холбоотойгоор нийслэлд гудамж талбайд гарах нь багасаж харин айл гэр, албан газар, ажил сургууль, үйлчилгээний газар шилжих хандлага ажиглагдаж байна. Гэхдээ танхайн гэмт хэрэг өвөл эрс багасаж, дулаарахад нэмэгддэг зүй тогтолтой шүү дээ.
- Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт ямар төрлийн ял шийтгэл оногдуулдаг вэ. Бусад улстай харьцуулахад манай ялын бодлого ямар төвшинд байна гэж үзэж байна.
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар торгох, баривчлах, 3 жил хүртэл хорих ял оногдуулдаг. Энэ хэргийг: догшин авирлаж; нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, давтан, бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол онц хүндрүүлж таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гадаадын зарим улс орон, тухайлбал, Франц, Герман, Дани, Солонгос, Япон зэрэг улсын эрүүгийн хуулдьд танхай гэсэн гэмт хэрэг байхгүй. Харин бусад гэмт хэргийн сэдэлт, нэмэлт маягаар орох нь цөөнгүй бий. Хоёр хөршийн хувьд авч үзье.
Хятад улсад танхайн гэмт хэрэг гэсэн нэр томъёо хэрэглэдэггүй. Харин энэ улсын Эрүүгийн хуулийн 277 зүйлд зааснаар нийгмийн хэв журам зөрчих гэмт хэрэгт торгох, баривчлах, хяналт тавих, 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ОХУ-ын Эрүүгийн хуулийн 213 зүйлд зааснаар танхайрсан этгээдийг 80-200 цагийн албадан ажил хийлгэх, эсхүл 1-2 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрсан бол 7 жил хүртэл хорих ял шийтгэнэ.
- “Танхай” гэсэн нэр томъёо хууль цаазын эргэлтэд хэрхэн орсон юм бол....
“Танхайрах” буюу “танхай” (хулиган) гэсэн нэр томъёо үүссэн тухай хэд хэдэн зөрүүтэй мэдээ бий. Түүний нэг хувилбар нь байлдан дагуулагчдад хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлж, булаан эзлэгчдийн дунд хамгийн харгис хэрцгийгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн “хулиган” ба “апачи” гэсэн хоёр омгийн нэрнээс үүссэн гэж үздэг.
Нөгөө нэг хувилбар нь эртний оросын “хула”, францын “gens”-хүн гэсэн үгнээс “ хулиган” гэсэн нэр томъёо үүсчээ. Хулиган гэсэн хочийг хамжлагын тариачдыг доромжлох, элдэвлэж өгдөг байжээ.
Гуравдахь хувилбар нь XVIII зууны үед Лондонд амьдарч байсан, бүдүүлгээрээ нэрд гарсан ирландын нэгэн гэр бүлийн «Hooligan» гэсэн англи овгийн нэрнээс үүссэн гэж үздэг байна. Сүүлд нь гудамжны түйвүүлэгчдийг нэрлэх болсон гэдэг.
- Танхайн гэмт хэргийн гаралт ямар тохиолдолд багасна гэж та үзэж байна.
Танхайтай тэмцэхээсээ илүү нийтээр тогтоосон ёс зүй, дэг журмыг нарийн дагаж мөрддөг, энэ журмыг зөрчсөний төлөө хариулага хүлээдэг болох, төрийн зүгээс энэ талаар олон нийтийн оролцоог дэмжих шаардлагатай. Герман улсын туршлагаар олон нийтийн байцаагчийн орон тоог бий болгох шаарлагатай, хог хаясан, гудамж талбай бохирдуулсан иргэн, хуулийн этгээд, бүдүүлэг соёлгүй байдал гаргасан хувь хүн торгууль хүлээдэг болох ёстой. Орчин тойрныг цэвэр ариун, хүмүүсийн бүдүүлэг авирыг засаж байж нийгмийн соёл, ёс зүй, хэв журмын жижиг зөрчил гарах нөхцөл арилна. Ингэснээр жижиг танхай, танхайрах гэмт хэрэг аяндаа буурах нь мэдээжийн хэрэг. Дашрамд дурдахад иргэдийн зарим идэвхтэй хэсгийг ажлын байраар хангах, тэднийг цалинжуулах асуудлыг давхар шийдэгдэх ач холбогдолтойг Германы туршлага бэлээхэн харуулж байна шүү дээ. Олон нийтийн байцаагчийн ажилд эхлээд цагдаа, албан газруудын харуул хамгаалалтын албад, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй тусалдаг байх хэрэгтэй. Ер нь соёлгүй, ёс зүйгүй, бүдүүлэг зангаа засаж, архидах асуудлаа багасгавал манай эрүүгийн хуулиас танхай гэсэн зүйл хасагдахыг хэн байг гэхэв.