Шинэ ярилцлага

Архив
Шүүх хуралдаан хүч тэнцвэргүй тулаан болоогүй 2009-12-11
#
Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, гавъяат хуульч Б.Сарантуяатай уулзаж ярилцав.

-7 дугаар сарын 01-ний гэх хэрэгт шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ялын бодлого барилгүй хэт өндөр ял оногдуулсан гэж яригдаж байна...
-Ямар гэмт хэрэгт ямар ял оногдуулахыг, өөрөөр хэлбэл таны асуугаад байгаа ялын бодлогыг УИХ Эрүүгийн хууль батлан тогтоодог болохоос шүүх тодорхойлдоггүй юм. Шүүх бол УИХ-аас Эрүүгийн хуулиар дамжуулан тодорхойлсон ялын бодлогыг хэрэгжүүлдэг газар.
Шүүх 7 дугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргүүдийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарт ял оногдуулсан. Түүнээс биш энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өөр хууль үйлчилсэн юм биш.
-Саяхан болж өнгөрсөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан “Нээлттэй сонсгол”-ын үеэр танай шүүхээр шийтгэгдсэн Г.Энхцэцэг, Н.Оргилболд, Ч.Мянганбаяр, Х.Түвшинжаргал гэсэн хүмүүс үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг сонсож байхад эдгээр хүмүүсийг болон баривчлагдсан олон хүнийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэж, хүчээр шийтгэсэн юм байна гэсэн ойлголт төрсөн. Энэ талаар таниас тодруулах гэсэн юм.
-Шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаггүй. Иймд эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн эсэхийг мэдэхгүй. Нэгэнт та нэр зааж асууж байгаа тул зөвхөн дээр нэр дурдагдсан 4 хүний талаар товч хариу өгье. Энэ 4 хүн нийтийн эмх замбараагүй байдлыг бий болгоход дэмжиж, хүч нэмж, өдөөн турхирч, төрийн албан хаагчийг эсэргүүцэн чулуу шидэж, галдан шатаах зорилгоор бензин тараах зэргээр оролцсон нь мөрдөн байцаалтын үед авагдсан нотлох баримт тухайлбал фото зураг, дүрс бичлэг зэргээр нотлогдсон. Ч.Мянганбаяр нь үймээний урьд өдөр Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороо руу дайрч орон тэдний ажилд саад хийсэн, цагдааг эсэргүүцсэн гэм буруутай нь бас тогтоогдсон. Нэгэнт нотлох баримт байгаа учраас л шүүх тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан юм.
-Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдээгүй, үймээнд оролцоогүй, хилс шийтгэгдлээ гэдэг шүү дээ…
-Зарим хүмүүсийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос нь иш татъя. Тэд давж заалдах гомдлоо дарамт, шахалт, эрүүдэн шүүлтийн дор бичээгүй л байлгүй. Г.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: “…олон нийтийн сэтгэл зүйд автаж чулуу шидсэндээ харамсаж байна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн байхад Н.Оргилболд мөн давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож, шударга үнэнээр мэдүүлсэн, буруу зүйл хийвэл өөрөө зовдог, бурхан цээрлүүлдэг гэдгийг би биеэрээ амсаж маш хэцүү байна, гэмшээд ч барахгүй байна. Энэ байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ. Н.Оргилболд МАХН-ын байрны ойролцоо бензин тарааж, галдан шатаахыг турхирч явсан хүн шүү дээ. Ч.Мянганбаяр, түүний өмгөөлөгч нар ч оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөөч гэж гомдол гаргасан хүмүүс. Энэхүү давж заалдах гомдлуудаас нь үзэхэд тэд хэрэв эрүү шүүлтийн доор л бичээгүй л юм бол гэм буруутай гэдгээ өөрсдөө хэлээд байгаа биз дээ. Мөн эдгээр хүмүүс гомдолдоо эрүүдэн шүүгдэж хилс хэрэг хүлээсэн талаар огт дурдаагүйг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
-Х.Түвшинжаргал нь давж заалдах гомдолдоо юу гэсэн байх юм.
-Би хэрэг хийгээгүй л гэсэн байсан. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд чулуу шидсэн гэдгээ хүлээн зөвшөөрч л байсан.
Ер нь хэрэг хийсэн, хийгээгүй гэдгийг дан ганц холбогдогчийн мэдүүлгээр тогтоодоггүй юм.
-Үймээний хэрэгт оролцсон хүмүүст шүүх канондсон юм шиг тогтоол гаргаж нэг ижил ял өгөөд байсан гэж хүмүүс ярих юм?
-Наадах чинь шүүхийн нэр хүндийг гутаах гэсэн дайралт. Ял шийтгүүлсэн хүмүүст шүүх усны дусал шиг ижил ял ч өгөөгүй. Тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг Эрүүгийн хуульд тодорхой заасан байдаг тул шүүхээс оногдуулсан ял өөр хоорондоо ойролцоо байх нь ойлгомжтой шүү дээ.
-Шүүх хуралдаан тэнцвэргүй тулаан байсан уу?
-Шүүх хуралдаанууд эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх, талын мэтгэлцээний үндсэн дээр явагдсан. Шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээж, өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон.
Яллах, өмгөөлөх талууд шүүх хуралдааны үед хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэн эрх тэгш оролцсон.
Шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу нотлох баримтыг судлах үед тодруулах асуулт тавьж оролцсоныг зарим нэг хүмүүс мушгин гуйвуулж, шүүгч яллах талыг баримталж, яллах чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байгаа нь явуургүй юм.
Нөгөө талаар шүүх хуралдаанд ялангуяа өмгөөлөгч тал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэдгийг олон өмгөөлөгчид хэлж байгаа шүү дээ.
-Шүүх хүний эрхийг зөрчсөн үү. Шүүн таслан ажиллагаанд ямар алдаа гаргасан бэ?
-Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Энэ эрхийг шүүхийн шатанд хангалттай хэрэгжүүлэн шүүгдэгч нар бүгд өмгөөлөгч авснаас гадна зарим шүүгдэгч 2-3 өмгөөлөгч авсан ч тохиолдол бий. Насанд хүрээгүй шүүгдэгч нарт онцгой анхаарч тэдний хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч, зарим үед сурган хүмүүжүүлэгч зэргийг оролцуулж эрхийг нь хангасан. Тэгээд ч хүний эрх шүүх дээр зөрчигдсөн талаар ямар нэг гомдол санал ирээгүй бөгөөд өмгөөлөгчид ч энэ тал дээр санал нийлж байна.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн зөрчил дутагдал гаргаагүй. Шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр хуулийн бүх шаардлагад нийцүүлэн хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийг зөв хэрэгжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцүүлсэн шүүх хуралдаанууд болсон.
-Хэрэгт нь ямар ч нотлох баримтгүй байхад ял оногдуулсан юм биш үү?
-Тухайн хавтаст хэрэгт авагдсан нэг ч баримтыг үзээгүй, уншаагүй, танилцаагүй хөндлөнгийн хүмүүсийн дэмий яриа. Энэ хэрэг нь олны нүдэн дээр ил үйлдэгдсэн, олон телевиз бичлэг хийсэн, олон хүмүүс гэрэл зураг авч байсан тул нотлох баримтын хувьд хангалттай гэдгийг хэлэх байна.
-Шүүхийн хараат бус байдлын тухай манайхан их ярьдаг, энэ олон жил шүүхэд ажилласан хүний хувьд танаас энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Танд дарамт шахалт ирж байсан тохиолдол байна уу?
-Миний бие социализмын үед бэлтгэгдсэн хуульч. Шилжилтийн үе, зах зээлийн нийгэмд шүүгчээр ажиллахдаа ээдрээ төвөгтэй хэргийг шийдвэрлэхэд хуулийн зарим ойлгомжгүй зүйл заалтыг зөв ойлгох, нотлох баримтыг үнэлж дүгнэх, шинэ хуучны болон мэргэжлийн ялгаа янз бүрийн хэлбэрээр илэрч ихээхэн хүндрэл бэрхшээл учирч л байсан. Гэвч шүүгчийн хувьд надад ямар нэгэн дарамт шахалт учирч байгаагүй. Би аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлж, хараат бусаар бие дааж шийдвэрлэж ирсэн.
-Эрүүгийн хуулийг хэтэрхий хатуу, муу хууль гэж шүүмжлэх хандлага сүүлийн үед газар авлаа. Хууль ямар байгаа нь хууль хэрэглэдэг шүүгчдэд л хамгийн их мэдэгддэг байх.
-Хүн гэдэг амьтан хөх тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг гэдэг үг бий. Тэгэхээр бид хуулийн дор амьдарч сурах, хатуу ч гэсэн хууль гэдэг зарчмыг хүссэн хүсээгүй дагахаас өөр аргагүй. Амьдрал өөрөө баян учир нийгмийн бүхий л харилцаа, аж амьдралын бүх тохиолдлыг хуулиар зохицуулна гэж байхгүй. Хуулийг сайн муу гэж шүүмжлэхээсээ түүнийг яв цав биелүүлэх, хүчин чадлыг нь бүрэн ашиглах ёстой.
-Бас нэг хэргийн талаар асуумаар санагдлаа. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр саяхан хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө өөрийгөө ямар ч гэм буруугүй байсан тул цагаатгасан гэж ярьсан байсан. Шүүх хүнийг ингэж хэлмэгдүүлж болдог юм уу?
-С.Отгонбаярын хэлээд байгаа шиг Улсын Дээд Шүүх түүнийг гэм буруугүй байнаа гээд тогтоочихсон юм бишээ. Улсын Дээд Шүүх түүнд холбогдох хэргийг хянаад мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
Мөн С.Отгонбаярын ярьсан шиг Нийслэлийн прокурор түүнийг цагаатгасан явдал ч байхгүй. Энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулж байх үед “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан.
С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч нар “гэм буруугийн талаар маргахгүй тул өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан юм билээ. Үүнийг нь прокурор хянаж үзээд, нэгэнт С.Отгонбаяр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй гэж байгаа учир түүнийг өршөөлд хамруулсан шийдвэрийг гаргасан байна лээ. Бодит үнэн гэвэл энэ л юм.