| # Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэртэй уулзаж, шүүхийн байгууллагын өнөөгийн байдал, шүүхийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. -Төрийн засаглал хуваах онолын дагуу шүүх эрх мэдлийг гурав дахь засаглал гэж үздэг. Манай улсын хувьд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага засаглалын хэмжээнд оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж чадаж байна гэж Та үздэг үү? Хүн төрөлхтөн түүхэн хөгжлөөрөө хууль тогтоодог, тэр хуулийг нь хэрэгжүүлдэг, хууль зөрчигдсөн тохиолдолд түүнийг хэлэлцэн шийдвэрлэдэг этгээдүүдийг салангид, гэхдээ бие биендээ харилцан хяналт тавих боломжтой байдлаар зохион байгуулах зарчмыг тодорхойлж, түүнийгээ эрх мэдэл хуваарилах онол гэж нэрлэжээ. Энэ онолын дагуу төрийн эрх мэдэлд эрэмбэ дараалал гэж байдаггүй юм. Шүүх бол төрийн 3 дахь буюу 1 дэх болон 2 дахь засаглалын дараа ордог эрх мэдэл биш. Өөрийнхөө бүрэн эрхэд хамааралтай төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, бусад эрх мэдэлтэй эн зэрэгцээ оршин тогтнох учиртай төрийн бие даасан эрх мэдлийн нэг нь л юм. Монголд шүүх эрх мэдэл хэрэгжиж байгаа. Хэрэгжих хэрэгжихдээ үйл ажиллагаагаа хэнд ч мэдрэгдэх хэмжээнд явуулж байгаа тул сүүлийн үед бусдын анхаарлыг ихээр татах болжээ. Шүүх эрх мэдэл хоцрогдож байна, шинэчлэх шаардлагатай байгаа талаар янз бүрийн түвшинд нилээн яригдаж байна. Шүүхэд шинэчлэл хэрэггүй, шүүхэд бүх юм сайн сайхан болж байгаа гэж би хэлэх гэсэн юм биш. Гагцхүү энэ шинэчлэл хэдийнээ эхэлж, амжилттай хэрэгжиж явааг зарим хүмүүс олж харахгүй, харахыг хүсэхгүй байгаад харамсаж байна. -Сүүлийн үед шүүхийн гаргасан шийдвэрүүдийн талаар их шүүмжлэх болжээ. Шүүх шудрага биш ажиллаж байна, ядарсанд хатуу, мөнгөтэйд зөөлөн ханддаг гэж хаа сайгүй ярьж, бичих болжээ. Байдал үнэхээр тийм гэж үү? -Шүүхийн шийдвэрийг сүүлийн үед шүүмжилдэг болсон юм биш ээ. Шүүх маргаан шийдвэрлэдэг байгууллага учир шийдвэрийг нь аль нэг тал зайлшгүй шүүмжилдэг юм. Энэ бол жам ёсны, аль ч улс оронд байдаг асуудал. Гагцхүү эрх зүйн мэдлэг, боловсрол, соёлын түвшингээс шалтгаалаад хэн, хэзээ, хаана, яаж илэрхийлэх нь газар тэнгэр шиг ялгаатай байдаг бололтой. Харин ч миний бодлоор сүүлийн үед шүүхийн үйл ажиллагааг шүүмжлэх нь цөөрч байна гэж бодож байгаа. Гайхаад байх зүйлгүй. Естой дүүрсэн амьтан байна даа гэж бодоод ч хэрэггүй. Сүүлийн 2-3 жил хэвлэлд бичигдсэн шүүхийн талаарх шүүмжлэлийг бид судалж, нэгтгэж үзсэн л дээ. Ердөө 10 гаруй эрүүгийн хэргийн талаар л дахин давтаж жишээ болгон бичиж байна л даа. Монгол улсын шүүхийн нэг жилд хянан шийдвэрлэдэг 70 орчим мянган хэрэгт эдгээрийн эзлэх хувь туйлын өчүүхэн. Энэ дашрамд дурдахад энэхүү 70 мянган хэргийн зөвхөн 7-9 хувьд нь л гомдол гардаг юм шүү дээ. Шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 91-93 хувьд гомдол гараагүйг шүүн таслах ажиллагааны чанар гэж үзнэ. Тэр хэмжээгээр л зөрчигдсөн эрх сэргээгдэж, гомдсон бухимдал тайлагдаж, хариуцлагагүй этгээд үүрэг хүлээсэн байгаа. Шүүхэд талархаж явдаг иргэд шүүмжилдгээсээ хавьгүй олон байдгийг хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид шудрага шүүмжлэлийг үгүйсгэж, биеэ өмөөрөн, талархал магтаалын төлөө ажлаа хийдэггүй, шүүхийн танхимаас гарч буй хүмүүс төрийнхөө сүлдэнд залбирч байгаа нь шүүгчид хамгийн дээд шагнал болдог доо. Шүүмжлэлийг агуулгаар нь ялгаж үзвэл харьцуулах боломжгүй асуудлыг хооронд нь харьцуулж, шүүхийг шудрага бус гэж үзсэн, бодит үнэнд огт нийцээгүй, амьдралд ерөөсөө байгаагүй зүйлийг байсан мэтээр бичсэн, хэргийн оролцогч тал шүүхийн шийдвэрт дургүйцсэн, дараагийн шатанд нөлөөлөх гэж оролдсон байх нь эдгээр “шүүмжлэл”-ийн дийлэнх хэсгийг эзэлж байгаа юм. 10 мянган төгрөг хулгайлсан эмэгтэйд 10 жилийн хорих ял өгсөн талаар ойролцоогоор 56 удаа бичсэн байна. Би зөвхөн өдөр тутмын зарим хэвлэлийн тоймыг л ярьж байна. Шүүх буруу шийдвэр гаргаагүй шүү дээ. Хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн эмэгтэйд Эрүүгийн хуульд заасан тухайн гэмт хэрэгт оногдуулбал зохих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байна. Түүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн л болохоос шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа. Автомашин согтуугаар жолоодож яваад хоёр сайхан залуугийн амийг хөнөөсөн компанийн захиралд 5 жилийн хорих ял оногдуулсан. 14 тэрбум төгрөгийг ашиглан шамшигдуулсан этгээдэд 10 жилийн хорих ял өгсөн. Шүүх ямар шудрага биш байна гэж шогширсон явдал сонинд ойролцоогоор 21 удаа нийтлэгджээ. Эдгээр тохиолдолд шүүх мөн л Эрүүгийн хуульд заасан ялыг л оногдуулсан. Дээр дурдсан гурван гэмт хэргийг, хэрэгтнийг, ялыг хооронд нь харьцуулах угаасаа боломжгүй учир шүүхийг энэ харьцуулалтаар шудрага, шудрага бус гэж дүгнэх нь өөрөө утгагүй юм. -Шүүхэд улс төрийн нам, албан тушаалтны нөлөө их бий гэж хүмүүс ярих юм? -Шүүх ямар нэг улс төрийн нам, албан тушаалтны үгээр хэрэг маргаанаа шийдвэрлэдэггүй. Харин ийм болгох сонирхол байгааг үгүйсгэхгүй. Энэ үлгэрийг анх хэн нэгэн хүн зохиосон л баймаар юм. Тэр нь би гэж хэлэхгүй нь харамсалтай. Худлаа зүйлийг 1000 дахин давтахаар үнэн болдог гэдгийн жишээ бол энэ. Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч би Монголын 428 шүүгчтэйгээ гарч ирээд энэ худлаа гээд цусан тангараг өргөсөн ч хүн итгэхээргүй болтол сурталчиллаа шүү дээ. Үзэл суртлын агуу их хүч үнэн зүйлийг худлаа болгож, худал зүйлийг үнэн болгож чаддагт оршдог гэж энэ юм даа. Шүүхтэй холбоотой энэ асуудлаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл маш их үүрэг гүйцэтгэсэн шүү. Ард түмнийг төөрөгдүүлж, хууль, шүүхийг үл хүндэтгэх үзлийг хиймлээр бий болгож байгаа хор уршгийг эс тооцвол баяр хүргэмээр амжилттай ажилласан даа. Тодорхой эзэнтэй, захиалгатай л байдаг гэсэн. Ямар ч ажилд үнэнчээр хандах нь сайшаалтай зүйл. Гэхдээ эзнээс, эздээс, захиалагчаас илүү эх орны, ард түмний эрх ашиг байгаа гэдгийг санууштай. -Өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан олон хүн хилсээр шийтгүүлж, саяхан Өршөөлийн хуулиар суллагдлаа. Хүн хилсээр шийтгэсэн шүүгч хариуцлага хүлээдэггүй юм уу? -Хилсээр шийтгэх гэдэг ухагдахууныг зөв ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэг биш үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, гэмт хэрэг хийгээгүй хүнийг хийсэн гэж ял оногдуулахыг хилсээр шийтгэх гэж үздэг. Ийнхүү хилсээр шийтгүүлсэн этгээдийг шүүх цагаатгаж, гэм буруугүй болохыг тогтоосон байх учиртай. Нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх, бусдын эд хөрөнгийг галдан шатааж, устгах, энэ үйл ажиллагааг зохион байгуулах, турхирахыг гэмт хэрэг мөн гэж Эрүүгийн хуульд заасан байгаа. Эрүүгийн хуулийн эдгээр зүйл, заалтыг хэн ч хүчингүй болгоогүй, 7 дугаар сарын 1-д гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн ч цагаатгаагүй гэдгийг зориуд хэлмээр байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зарим хүмүүсийг төр өршөөж, хуулиар энэрэл үзүүлдэг явдал нь цагаатгал биш юм. Харин ч өршөөж байгаа явдал нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг нь давхар нотолж байгаа хэрэг. Хилсээр шийтгэгдсэн хүн өршөөгдөхгүй, харин цагаатгагдана. Төрийн тэргүүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тодорхой этгээдийн хувийн байдлыг харгалзан уучилдаг механизм ардчилсан улс орнуудад байдаг. Энэ нь мөн л цагаатгаж байгаа асуудал биш юм. Ямар ч гэмт хэрэг тодорхой сэдэлт, шалтгаантай байдаг. Уг сэдэлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлөхөөс биш үйлдсэн хэргийг нь, гэм бурууг нь үгүйсгэдэггүй. Улсын Их Хурлын сонгууль будлиантай болсонд бухимдсан хүмүүс бусдын эд хөрөнгийг галдан шатааж, дураараа авирлаж болно гэсэн хууль Монголд байхгүй. Ямар ч үйлдлийг гэмт хэрэг мөн биш гэдгийг иргэн Дорж, улс төрч Дулмаа, сэтгүүлч Чимгээ гудамжинд, хэвлэлийн бага хуралд, сонгуулийн шоунд, сонины хуудсанд тодорхойлдог юм биш. Тухайн улсад дагаж мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заагдсан үйлдлийг энэ хууль өөрчлөгдөөгүй цагт хэн ч гэмт хэрэг биш болгож чадахгүй. Шүүх эрх мэдэлтэй албан тушаалтанд биш, хүчтэй улс төрийн намд биш, тогтворгүй нийгмийн сэтгэл зүйд биш гагцхүү хуульд л захирагддаг юм. Хууль болгон бурханы сургааль шиг төгс төгөлдөр байдаггүй, гэхдээ хууль болгоныг бурханы зарлиг мэт биелүүлэх учиртай юм. Хууль Үндсэн хуультай л нийцээгүй тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх эрх шүүхэд байна. Хуулийн заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэдгийг зөвхөн Үндсэн хуулийн цэц л тодорхойлох бүрэн эрхтэй юм. Бүрэн эрхийнхээ хүрээнд хууль ёсны шийдвэр гаргасан шүүгчид ямар үндэслэлээр хариуцлага тооцох билээ. Үүнийг зөвхөн намайг хэлж байна гэж бодож байгаа бол НҮБ-аас баталсан “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд”-ыг олж үзээрэй. Бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан зөв байтугай алдаатай шийдвэрийн төлөө шүүгчид хариуцлага ногдуулахыг хориглосон байдаг юм. Харин шүүгчийн санаатай үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдсон нөхцөлд хариуцлага яригдах нь дамжиггүй. -Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвших үеэрээ шүүгч нартай уулзах хүсэлт тавьсан. Тэр үед та нар яагаад уулзаагүй юм бэ. -Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ сонгуулийн сурталчилгааныхаа хүрээнд Нийслэлд ажиллаж байгаа шүүгчидтэй уулзалт зохион байгуулж өгөхийг хүсч, албан бичиг ирүүлсэн. Шүүхэд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг холбогдох хууль, дүрмээр хориглосон байдаг тул энэ талаар нэр дэвшигчид албан бичгээр хариу өгсөн. Хүсвэл эхээр нь авч үзэж болно. -Уучлаарай шүүх хууль дүрмээ барьсан гэсэн хариулт сонсмооргүй байна. Ингэж уулзаагүй нь сонгуулийн захиалга байсан уу? -Сонсох сонсохгүй нь Таны хувийн хэрэг. Би нэгэнт асуусан бүх асуултад чинь хариулт өгнө гэж амласан тул болсон явдлыг л ярьж байна. Нөгөө нэр дэвшигч ийм хүсэлт ирүүлсэн бол адилхан л хариу авах байсан. -Шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш шүүх иргэдийнхээ талд арай л нааштай шийдвэр гаргадаг боллоо гэж хүмүүс магтаж байна. Энэ хэр үндэстэй вэ? Ер нь өмнөх Ерөнхийлөгчөөс болоод л шүүх маань их хатуу шийдвэр гаргаад байдаг байсан юм биш биз дээ. -Мэдэхгүй юмдаа. Энэ оны 6 дугаар сард ажлынхаа төлөвлөгөөний дагуу Дээд шүүхийн шүүгчид орон нутгийн шүүхүүдээр томилолтоор ажилласан чинь зүгээр сууж байсан Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчийн шүүхийг өөрчилнө гэснээс болж гэнэт хөдөө орон нутгаар явж ажил шалгах боллоо гэж бичсэн байсан. Улсын Дээд шүүхийн олон жил хийж ирсэн ажлыг ч холбож үзмээр санагдсан юм байлгүй дээ. Ажилд садаа болохгүй л бол хэний нэртэй холбох нь хамаагүй л дээ. Бид зохиогчийн эрхийг хэн нэгэнтэй булаацалдахгүй. Шүүхийн ажлын сайн талыг олж харж л байвал хэний нэртэй холбох нь чухал биш шүү дээ. Би түрүүн хэлсэн шүүгч хүн сайшаал, магтаалын төлөө ажилладаггүй юм аа. Төрийн сүлдэндээ залбирч гарч байгаа хүн бидний хувьд хамгийн том шагнал болдог гэж. Шүүхийн сайн болгон шинэ Ерөнхийлөгчтэй, муу болгон хуучин Ерөнхийлөгчтэй холбоотой байх ёстой гэж ойлговол хэт өрөөсгөл болох болов уу. Шүүхийг хатуу ч шийдвэр гаргалаа, зөөлөн ч шийдвэр гаргалаа гэж шүүмжилдэг шүү дээ. Хатуу нь Н.Энхбаяртай холбоотой юм бол зөөлөн нь хэнтэй холбоотой юм бол гэх асуулт гарнаа даа. Намайг тоглоом тохуу хийж байна гэж битгий гомдоорой. Танай сонины уншигчдын эрх зүйн ухамсар, мэдлэгийн хүрээ, ухааных нь цараа илүү өргөн гэж би боддог шүү. -Уучлаарай, гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүхэд маш их нөлөөтэй байсан гэсэн үзэл бодолтой хүн олон байдаг л даа. -Олон байгаасай гэж хүсдэг хүмүүс байгаа учир олон болж байна. Үнэндээ хэлэхэд шүүхэд маш их нөлөөтэй цорын ганц л хүн байдгийг зөвхөн Танд дэлгэж хэлье. Тэр хүнийг ХУУЛЬ гэдэг юм. МОНЦАМЭ гэж өндөр сайхан залуу байдаг юм гэж нэг хүн мэдэмхийрсэн гэдэг шиг манай улсын ХУУЛЬ гэж нөхөөстэй дээлтэй, царай нь жоохон гундуу, гэхдээ нүдэндээ цогтой, бас ч үгүй ганц хоёр гадаад хэлтэй сэргэлэн бор хүү байдаг юм. Тэрнийг л Монголын шүүгчид тахин шүтэж, нөлөөнөөс нь гарч чадахгүй байгаа юм даа. Энэ хүүг дээрэлхэх, тоомсорлохгүй байхыг хичээгчид олон. Тэгсэн атлаа түүнээс ухаангүй айж, болж өгвөл дээлэнд нь өөр өнгийн нөхөөс тавьж, олны доог болгохыг хичээнэ. Шүүхэд маш их байтугай ер нь нөлөөтэй улс төрийн хүчин, албан тушаалтан, эрх мэдэлтэн байхгүй. 20 гаруй жил шүүгчээр ажилласан би тийм нөлөө бүхий хүнийг мэдэрсэнгүй. -Шүүх шинэчлэгдэхгүй нийгмийн хэрэгцээ, шаардлагаас хоцорч, хоцрогдож байна, шүүхийн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэж олон хүн үздэг. Та энэ талаар ямар бодолтой байна. -Шүүхийн үйл ажиллагаа өөрөө нийгмийн харилцааны нэг хэсэг учир түүнийг зохицуулж буй эрх зүйн орчин өөрөө шинэчлэгдэх учиртай юм. Энэ утгаараа шүүхийн шинэчлэл гэдэгт шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, шүүх, шүүгчийн эдийн засгийн болон улс төрийн баталгаа, хүний нөөцийн асуудал, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, шүүхийн менежмент, ажлын зохион байгуулалт, шүүгч, шүүхийн ажилтнуудын сэтгэл зүй, ёс зүй, сахилга бат, хариуцлага, мэргэжлийн ур чадвар зэрэг олон чиглэлийн асуудлыг цогц хэлбэрээр хамааруулан ойлгох нь зүйтэй. Ийм цогц асуудалд нэг амьсгаагаар өөрчлөлт хийх боломжгүй, хийдэг юмаа гэж үзэхэд дутуу дулимаг, оромдсон ажиллагаа болно. Аливаа шинэчлэл цаг хугацаа шаарддаг. Нөгөө талаар цогц асуудлын зөвхөн нэг хэсгийг барьж авснаар иж бүрнээр нь хөгжүүлэх боломжгүй болдог. Манай улсад төрийн зүгээс шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэх асуудлыг шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 17 жилийн нүүр үзэж байна. Улсын Их Хурлын 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”тодорхой үе шаттайгаар хэрэгжиж, үр дүнг нь тооцож ирсэн. Шүүхийн шинэчлэл түрүүний хэлсэн цогц хэлбэрээр хэрхэн явагдаж байгааг тодорхойлох олон үзүүлэлтүүд байгаа. Тэр болгоныг тоочоод байвал биеэ өмөөрч, өөрийгөө, өөрийнхөө салбарыг магтсан болох байх. Энэ оны эхээр Сингапур Улсын Дээд шүүх дээр зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн орнуудын шүүх эрх мэдлийн шинэтгэл” форум дээр Монгол улсад шүүх эрх мэдлийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын зөв шийдвэр, сургалт болон олон улсын туршлага, хөрөнгө санхүү, цаг хугацаа, мониторинг зэрэг хүчин зүйлүүд шаардлагатай байсан бөгөөд энэ бүхнийг нэгэн зэрэг бүрдүүлж чадсан нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийн амжилтын үндэс байсан гэж тэмдэглэгдсэн байна лээ. Эрх зүйн болон шүүхийн шинэтгэлийн олон зуун жилийн түүхтэй улс орнуудтай харьцуулахад 17 жилийн өмнөөс өөрчлөгдөж эхэлсэн Монголын шүүхийн хувьд энэ бол их том үсрэлт. Шүүхийн гэлтгүй аливаа шинэчлэлийн талаар өрөөсгөл ойлголт бидний дунд байдгийг үгүйсгэхийн аргагүй. Шинэчлэл гэж хийсэн бүхнийг үгүйсгэн устгаж, цоо шинэ зүйл бий болгохыг ойлгодог хүмүүс цөөнгүй. Нийгмийн байгууламж бүхэлдээ өөрчлөгдөж байгаа тохиолдолд устгах, халах зүйл их байлгүй л яахав. Гэхдээ эрх зүйн орчин, үндэс суурь тавигдаж, шат дараалал, өөрийн зүй тогтлоор урагшилж байгаа процессыг дутагдалтай бол сайжруулах, удаан бол хурдасгах, өнгөц бол гүнзгийрүүлэх, алдаатай бол залруулах асуудал тавигддаг болохоос замын дундаас хийсэн болгоныг үгүйсгэх нь урагшлахын биш харин ухрахын шинж гэж би ойлгодог. Аливаа ажлыг, тэр дотор шинэчлэлийг хүн л хийдэг. Түүний идэвхи, зүтгэл, санаачилга, хариуцлагаас ямар ч ажлын үр дүн шалтгаалдаг. Харин шинэчлэл хийх нэрийдлээр зөвхөн хүн солих ажиллагаа явуулах, түүгээр л хязгаарлах хандлага сүүлийн үед ажиглагддаг боллоо. Ажлын шаардлагаар, эсхүл хугацаа нь дуусахаар хүн солигдох нь зүйн хэрэг. Гагцхүү үргэлжилсэн шинжтэй ажиллагаанд ялангуяа төрийн албанд залгамж холбоо, тасралтгүй явц, эхлэл төгсгөлийн уялдаа алдагдаж болохгүй. “Өөрчлөлтийн хуулиас бусад бүх зүйл өөрчлөгдөж байдаг” гэсэн агуу их сэтгэгч Гераклитын хэлсэн үг бий. Тэгэхлээр Монголын шүүхийн өөрчлөлт шинэчлэл цаашид ч үргэлжилнэ. Энэ бол зүй тогтол. -Шүүхийн Ерөнхий зөвлөлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлдэг нь буруу гэж их ярих болж. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ? -Шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлдэг, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хэн толгойлох вэ гэдэг асуулт анх удаа тавигдаж байгаа юм биш. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Хууль зүйн сайд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хэн нь ч ажиллах боломжтой, олон улс оронд эдгээр хувилбаруудын аль нэгийг нь л сонгодог юм байна лээ. Манайх ч энэ хоёр хувилбарыг ээлжлэн сонгож байсан. Эдгээр хэлбэрийг сайн, муу гэж үзэж болохгүй. Гагцхүү манай оронд хэрэгжихэд аль нь илүү тохиромжтой, бүр тухайлбал тухайн цаг үед аль нь тохиромжтой вэ гэж сонголт хийх нь зөв. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга хэн байх нь чухал биш харин уг байгууллага үйл ажиллагаагаа зорилт, чиглэлийнхээ дагуу явуулж чадах эсэхэд л гол зангилаа асуудал байгаа болов уу. Шүүхийн Ерөнхий зөвлөл нь хамтын зарчмаар, ардчилсан хэлбэрээр шийдвэрээ гаргаж, түүний шийдвэр биелэгдэх нөхцөл бололцоотой л байвал дарга нь хэн байх тийм ч чухал асуудал биш гэж би боддог. Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 4 дэх жилдээ толгойлж байгаагийн хувьд чин үнэнээсээ хэлэхэд Зөвлөлийн шийдвэргүйгээр дангаар бие даан шийдвэрлэдэг нэг л асуудал надад байдаг. Тэр нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнах асуудал. Бусад бүх асуудлыг Зөвлөл хамтын зарчмаар, санал хураалтын үндсэн дээр явуулдаг юм. Дангаар захирамж гаргахад ч Зөвлөлөөс эрх авдаг юм даа. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар заавал Хууль зүйн сайд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэж албан тушаалтан өөрийн их ажлын хажуугаар хавсарч ажиллах шаардлагагүй ч байж болно. Энэ хувилбарыг анх шүүгчид өөрсдөө дэвшүүлж байсан. Шүүх гэдэг том айлд ороод ухамсарт амьдралынхаа дийлэнх хэсгийг шүүхийн үйл ажиллагаатай холбосон миний хувьд, шүүхэд ажиллаж буй хэн хүнд энэ салбарын шинэчлэлд хүйтэн, хөндий хандах ямар ч үндэслэл байхгүй гэдэгтэй Та санал нийлэх байх. Харин хөндийрүүлэх гэсэн аливаа оролдлогыг, энэ салбарт амьдралаа зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нөхдийнхөө хийсэн, бүтээсэн ололт амжилтыг харлуулахыг би зөвшөөрөхгүй. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эрчимжүүлэх, дэлхийн жишигт нийцэхүйц шүүхтэй болохыг бид эрмэлзэж байгаа бөгөөд гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтран ажиллахад Монголын шүүх бэлэн байна. -Шүүх бие даасан, шүүгч хараат бус байх ёстой гэж ярьдаг. Монголын шүүгчид хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хараат бус байж чаддаг уу. Энэ асуултыг Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн байгууллагаар явж байхдаа нэг дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид тавихад тэрээр тоймтой хариу өгч чадахгүй байсан. Та хариулж чадах уу? -Хариулж чадахгүй асуулт ер нь ховор шүү дээ. Мэдэхгүй гэж хариулсан ч мөн л хариулт болдог. Асуултаа яаж тавих, түүнд өгсөн хариултыг яаж ойлгохоос хамаараад тэр тэрний асуултад хариулж чадсан, чадаагүй гэж дүгнэх байх. Би Ерөнхийлөгчийн уг уулзалтад хамт байсан тул асуултыг ч, хариултыг ч сонссон. Манай шүүгчийн сандарч байсныг эс тооцвол би зөв л хариулт гэж боддог. Төрийн тэргүүнтэйгээ анх удаа уулзаж байгаа учир тэвдсэн зүйл байсан биз ээ. Хараат бус байдал гэж ер нь юу юм бэ. Шүүгчийн хувьд товчоор хэлбэл тодорхой хэрэг маргааны талаар шийдвэр гаргахдаа гадны нөлөөнд автаагүй байхыг л хэлнэ. Шүүгч тийм биш харин ийм шийдвэр гаргах болсон хууль зүйн үндэслэл шүүхээс гарч буй эрх зүйн актанд тусгагддаг ч, учир шалтгаан нь түүний сэтгэл, оюун санаанд л байдаг тул шийдвэр гаргахдаа хараат байсан эсэхийг шүүгчээс өөрөөс нь бусад хэн ч хэлж мэдэхгүй юм. Шүүгчийн шийдвэр хууль зөрчөөгүй, хараат бусаар ажиллах бүхий л нөхцөл хангалттай бүрдсэн бол шүүгчийн гадны нөлөөнд автаж шийдвэр гаргасан болох нь үндэслэл бүхий нотолгоогоор тогтоогдсоноос бусад тохиолдолд түүнийг шийдвэрээ хараат бусаар гаргасан гэж үзнэ. Хараат, эсхүл хараат бус байдал гэдгийг ойлгохын тулд ерөөсөө шүүгчид ямар гадны нөлөө байдаг вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Шүүх, шүүгчид үүрэгт ажлаа биелүүлэхэд хөндлөнгөөс үзүүлэх дарамт, шахалт, нөлөөлөл байгаа. Харамсалтай нь өнөөдөр шүүгчид янз бүрээр нөлөөлөх, айлган сүрдүүлэх, эс үйлдэхүй хэлбэрээр шүүн таслах ажиллагаанд саад тотгор болох тохиолдол цөөнгүй ажиглагдаж байна. Доктор, профессор, гавьяат хуульч, ардын багш Б. Чимид гуай: “Ардчилал өөрийгөө хамгаалах чадвартай, тийм зэмсэгтэй байх ёстой. Элдэв явуулгаас ардчилал, ардчилсан тогтолцоог хамгаалах араа шүдэт арслан нь бие даасан, хараат бус, шударга шүүх юм” гэж хэлжээ. Гэтэл энэ араа шүдтэй арслан өөрөө бусдын дарамтад өртсөнөөс ардчиллыг хамгаалж чадахгүйд хүрвэл ямар эмгэнэлтэй дүр төрөх харагдах нь ойлгомжтой. -Ямар дарамт байдаг юм бэ? -Барууны социологчид шүүх, шүүгчид үзүүлдэг дарамт, шахалтыг эрх мэдлийн зүгээс, олон нийтийн санаа бодлоос, хэвлэл мэдээллийн хэрэгслээс, гэмт этгээдүүдийн зүгээс, мөн нийгэм-эдийн засгийн гэж ангилдаг юм байна лээ. УДШ-ийн судалгааны төвөөс 2007 онд аймаг, нийслэлийн 200 гаруй шүүгчдийн дунд явуулсан судалгаанд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Танд ямар нэгэн нөлөөлөх дарамт, шахалт үзүүлэх явдал илэрч байсан бол ямар хэлбэрээр илэрч байсан бэ” гэсэн асуултад хэл амаар доромжилдог, худал гүтгэдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлдөг, ажил үйлчилгээ үзүүлэхийг санал болгодог, далайлган сүрдүүлдэг, хээл хахууль өгөхийг санал болгодог гэж хариулжээ. Үүнээс үзэхэд хэргийн зарим оролцогчид, албан тушаалтан, шүүх, шүүгчийн шийдвэрт нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахын тулд танил талаа ашиглах, зарим хууль бус арга хэрэгсэл хэрэглэж байгааг үгүйсгэх аргагүй байна. Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн талаар сонин, хэвлэл, радио, телевизээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, нийтлэлүүд гарах, шүүгчийн өөрийнх нь, гэр бүлийн гишүүдийнх нь нэр усыг заах, шүүхийн шийдвэрийг урьдчилан элдвээр үнэлж, дүгнэх нь олон нийтийн санал бодлыг үймүүлээд зогсохгүй шүүгчийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг, түүнийг хурц асуудлаас зайлсхийхэд хүргэдэг, хууль ёсны шийдвэр гаргахад саад болдог ч байхыг үгүйсгэх аргагүй. -Шүүхийн дарга, албан тушаалтнууд шүүгчид нөлөөлдөг дутагдал байдаг, шүүхийг мэргэжлийн хувьд удирдах нь шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцож байгаа явдал гэж Ерөнхийлөгч шүүгч, ажилтнуудтай уулзахдаа хатуу тэмдэглэж байсан шүү дээ. -Ер нь хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулах, өөрийнхөө мэдлэгийн цар хүрээгээр тайлбарлан олонд тараах нь буруу гэдгийг зориуд хэлмээр байна. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа бол Шүүхийн тухай хуульд заасан хууль ёсны ажиллагаа юм шүү. Түүний хэлбэрийг хуульд тов тодорхой заасан байдаг. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа хууль тайлбарлах, шүүхийн практик судлах, сургалт явуулах хэлбэртэй байна гэж. Ерөнхийлөгч хуулиа битгий тайлбарла, практикаа битгий судал, сургалт битгий явуул гэж хэлээгүй. Харин Ерөнхий шүүгч, дээд шатны шүүхийн шүүгчид мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны нэрийн дор тодорхой хэрэг маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх талаар үүрэг, даалгавар өгч болохгүй гэж хэлсэн. Олон зуун жилийн тогтолцоотой улс орнуудад ийм зохицуулалт байдаггүй л юм байна лээ. Шүүх, эрх зүйн тогтолцоо дөнгөж бүрэлдэж байсан 200-300 жилийн өмнөх үед Америк, Германд ямар байсан юм бол доо. Хууль маань тухайн үеийн нийгмийн харилцааг зохицуулдаг хойно хууль тогтоогч нэгийг бодож энэ ойлголтыг Шүүхийн тухай хуульд оруулсан болов уу. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа нь шүүхийн даргын үгэнд орж бай гэсэн агуулгатай биш харин эсрэгээр шүүхэд хуулиас өөр дарга байдаггүй юм шүү гэдгийг тодотгосон ойлголт гэж би боддог. -Таныг ажлаас өөрчлөх гэж байгаа гэж гадуур их яригдах юм. Таны оронд болох хүний нэрийг ч гаргаж байсан. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр ч энэ талаар хэлсэн. Энэ талаар Та юу гэж боддог вэ. Таны ярьснаар Та шүүхэд их л юм хийсэн хүн бололтой ингээд халагдахад харамсалтай биш үү? -Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг биз дээ. Төрийн албыг хувийн өмч гэж үздэг хүмүүсийн тоонд би ордоггүй. Тэртээ тэргүй хугацаатай ажил хугацаагаараа л болно. Ямар ч ажилд илүү сайн нь ирж, халаагаа авдаг нь жам ёсны, хөгжил, дэвшлийн зүй тогтол. Манайд нэг сонин үзэгдэл ажиглагддаг юм. Албан тушаалд шинэ хүн ирэхэд заавал түрүүчийнх нь муу байх ёстой мэтээр ойлгодог. Алдаа гаргасан, хариуцлагагүй албан тушаалтны асуудал арай өөр л дөө. Бидний бие биенээ муучлах, гоочлох, өөрт байгаа сайн зүйлийг ч заавал доош нь хийх гэсэн эрмэлзлийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Албан тушаалтан өөрт ногдсон цаг хугацаанд ажлаа сайн хийж гүйцэтгээд дараагийн хүндээ ажлаа өгөх нь муу зүйл биш шүү дээ. Дараагийн хүнийг томилохын тулд түрүүчийн хүнийг заавал муулах ч хэрэггүй юм. Үе үеийн Ерөнхий шүүгч өөрийн цаг үедээ нийцүүлэн шүүхийн ажлын хүндийг үүрч, муудалцахтай нь муудалцаж, муу хэлүүлэхэд нь хэлүүлж, сайшаал, магтаалыг нь ч хүртэж, Монголын шүүхийг өдий хүртэл авч ирсэн. Би тэдний л нэг. Харин Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг тул хууль зөрчсөн ажиллагаа явуулах боломжийг хэнд ч олгохгүй. Энэ бол хувь хүний албан тушаалын биш харин шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын үндсэн баталгаатай холбоотой асуудал тул түүнийг зөрчиж, төрийн эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах зүй бус жишгийг тогтоолгохгүй. -Шүүгч нарыг авилгалд өртөмтгий гэж ярьдаг. Ер нь шүүгч нараас авилгын хэргээр ял шийтгүүлсэн хүн байдаг уу? -Шүүгч ёс зүйн зөрчил гаргавал түүнд сахилгын хэрэг үүсгэж, сахилгын шийтгэл ногдуулдаг юм. Хуульд зааснаар сануулах, тодорхой хугацаагаар зэрэг, дэвийг нь бууруулах, огцруулах шийтгэлүүд байдаг. Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн зөвлөл баталдаг. Сахилгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Ерөнхийлөгч баталдаг юм. Сүүлийн гурван жилийн байдлаар 26 шүүгчид сануулах, 6 шүүгчийн зэрэг, дэв бууруулах, 7 шүүгчийг огцруулах шийтгэл ногдуулсан байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “Шүүгчийн ёс зүйн дүрмийг Банглорын зарчмуудтай уялдуулан шинэчлэн боловсруулах ажлын хэсэг” байгуулан “Транспэрэнси интернэшнл-Монгол” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Шүүгч эрүүгийн гэмт хэрэгт холбогдвол түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгаад, эрүүгийн хариуцлага хүлээвэл огцруулдаг. Авилгын асуудал бол эрүүгийн гэмт хэрэг тул шүүгч түүнд холбогдолтой эсэхийг Авилгатай тэмцэх газар шалгадаг. Сүүлийн 10 жилийн байдлаар авилгын хэргээр 2 шүүгч ял шийтгүүлсэн. Д.Мөнгөндалай
|